Сүүлд шинэчлэгдсэн: Өчигдөр 13 цаг 13 минут
Ц.Мөнх-Оргил: Анархизмын хаалгыг нэг удаа татаж үзээд хаалаа шүү дээ
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан 2008 оны долдугаар сарын 1 ний хэргийн талаар 2008 онд хийсэн ярилцлагыг хүргэж байна..

УИХ-ын Хүний эрхийн дэд хороо саяхан 2008 оны долдугаар сарын 1-нд болсон үйл явдлын тухай нээлттэй сонсгол хийсэн нь улс даяар дуулиан тарьсан билээ. Эл нээлттэй сонсголыг ардчилсан нийгэмд байх ёстой зөв зүйтэй үйл явдал гэж талархах хэсэг байхад “шүүхийг шүүх гэж оролдлоо” хэмээн таагүй хандагсад ч бас байна. Гэхдээ тухайн өдөр болсон үйл явдлын үер Онц байдлын штабын даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилтой уулзаж ярилцлаа. Үйл явдлын халуун цэг дээр ажиллаж штабыг удирдаж явсан түүний үг юу юунаас чухал биз ээ.


-Төрийн ордонд долдугаар сарын 1-ний үйл явдлын талаар нээлттэй сонсгол боллоо. Энэ танд ямар сэтгэгдэл үлдээв, хэр санагдав?


-Хоёрдмол сэтгэгдэлтэй үлдлээ. Ер нь УИХ дээр ийм нээлттэй сонсгол цаашид хийж байх нь хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой байна. Нөгөөтэйгүүр сэдэв, арга барилаа зөв сонгомоор байна. Эл үйл явдал бол нийгмийг ихээхэн талцуулсан бас нэлээдгүй хэрэг шүүх, прокуророор шалгагдсан хэвээр байгаа шүү дээ. Уригдсан хүмүүс, гэрчүүд, тавьж байгаа асуудал ч гэсэн улс төрийн өнгө аястай, асуудлын голыг олохоос илүү цагдаа, шүүхийг шүүж буруутгах өнгө аяс харагдаж байна лээ.

Ийм нээлттэй сонсгол хийж байх хэрэгтэй гэдэг талаар АНУ-ын Бүгд найрамдахчуудын хүрээлэн олон жил бидэнд зөвлөж, дүрэм журмыг нь боловсруулахад тусалсан юм. Эртээдийн сонсгол дээр ч гэсэн тэд тусдаа ширээ засуулаад сууж байсан. Тэдэнд талархал илэрхийлэх хэрэгтэй. Гэхдээ АНУ-ын эрх зүйн тогтолцоо, хууль тогтоомж нь манайхаас өөр гэдгийг бид бас мартаж болохгүй. АНУ-ын конгресс буюу парламент нь Үндсэн хуулиараа квази-шүүхийн үүрэг гүйцэтгэж, төрийн зарим албан хаагчдыг, тухайлбал Ерөнхийлөгчийг импичмент буюу албан тушаалаас нь огцруулах эсэх асуудлыг шийддэг. Төлөөлөгчдийн танхим импичмент үүсгэх эсэхийг шийдэж, сенат асуудлыг шүүж эцсийн шийдвэр гаргадаг. Манай Үндсэн хуулиар УИХ-д ийм квази-шүүхийн эрх олгоогүй гэдгийг бид санаж цаашдын нээлттэй сонсголуудаа хийж баймаар юм шиг санагдсан.

-Та цагдаа болон прокурорынхныг нэлээд өмөөрч байсан нь хүмүүст таалагдсангүй бололтой. Яагаад тэгсэн юм бэ. Хууль зүй, дотоод хэргийн сайд байсныхаа хувиар ийм совесть гаргах хэрэгтэй байсан уу?


-Өмөөрөхөөс өөр яах билээ? Би уг нь нэг их ярихгүй, бусдын яриаг сонсоё гэж бодсон юм. Гэтэл “Хүний эрх ба 7 дугаар сарын 1” гэсэн энэ том сэдвийн хүрээнд ганц цагдаа, шүүхийн асуудлыг олон талаас нь яриад, үүргээ гүйцэтгэж яваад хохирсон 500 гаруй цагдаагийн албан хаагч болон эд хөрөнгөө шатаалгаж дээрэмдүүлсэн олон аж ахуйн нэгж, иргэдийн эрх ашгийг огт яриагүй. Ярих нь бүү хэл нээлттэй сонсгол дээр тэд харагдах ч үгүй байсан шүү дээ. Мэдээж цагдаа зэрлэг балмад загнаж, хүн зодож, эрүү шүүлт тулгасан бол албан тушаалтнуудад хуулийн цээрлэл хүлээлгэх хэрэгтэй. Энэ асуудал дээр хэн ч буруутанг өмөөрөхгүй. Харин Хүний эрхийн үндэсний комиссын дарга, гишүүд, УИХ-ын гишүүд үйл явдлын халуун мөрөөр 2008 оны долдугаар сарын 3,4-ны өдрүүдэд урьдчилан хорих байруудаар явж цагдаа болон хоригдсон хүмүүстэй уулзаж ирээд зодож нүдсэн, эрүү шүүлт тулгасан юм алга, хоол хүнс дутуу байна, байр нь багадаж байна гэж ярьж байсныг бид бүгд телевизээр харсан ш дээ. Сая ч гэсэн эрүү шүүлт тулгаагүй гэдгийг Хүний эрхийн үндэсний комисс хүлээн зөвшөөрсөн. Явган суулгасан, хоол унд дутуу өгсөн нь эрүү шүүлт гэхээсээ илүү ийм хэмжээний нийтийг хамарсан эмх замбараагүй байдалд бид бүгдээрээ бэлэн биш байсных л гэж ойлгож байна. Цагдаа, прокурорыг өмөөрсөн нь зарим хүмүүст таалагдаагүй байх аа, гэхдээ би хүнд таалагдах гэж яриагүй, санаж бодсоноо л хэлсэн юм.

-Эсвэл та үнэхээр тэднийг буруугүй гэж үзэж байгаа юм уу?

-Буруу юм хийвэл мэдээж буруутгана, шүүмжилнэ. Цагдаад байгаа алдаа дутагдлыг би хэнээс ч дутуугүй мэднэ. Тэдгээрийг засаж залруулах гэж бас ч гэж хэдэн жил хөдөлмөрлөсөн. Гэхдээ юманд чинь бас учир гэж бий. Цагдаа бол Монголын нийгмийн толь, түүний нэг л хэсэг. Нийгэм нь хачин сайхан хүний эрх хангаад байдаг, цагдаа л хүний эрх зөрчөөд байгаа юм байхгүй шүү дээ.

-Зарим хэвлэл “шүүхийг шүүх гэж оролдлоо” хэмээн шүүмжлэлтэй хандсан байсан. Таны хувьд юу гэж бодогдож байна вэ?

-Бодож байснаа би нээлттэй сонсголын үеэр хэлсэн шүү дээ. Гэрчээр оролцсон зарим өмгөөлөгчид шүүх “тэнсэн” өгөх ёстой байсан, улс төрийн үзэл бодлоороо ял өгсөн гээд яриа биз дээ. Энэ чинь УИХ-ын индэр дээрээс, орон даяар шүүхийн шийдвэрийг “шүүж” байгаа хэрэг биш гэж үү. Шүүхийн шийдвэр эцсийнх, тэгээд заавал биелэгдэх ёстой зарчим бол аль ч соёлт, ардчилсан нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт шүү дээ. Сүүлийн үед ер нь шүүх, прокурорыг ингэж биеийг нь даалгаж, хараат бус байлгах хэрэг байна уу гэх яриа гарах боллоо. Сая нээлттэй сонсголын үеэр ч цухалзаж байна лээ. Үндсэн хуулийн суурь зарчим, хүний эрх, ардчиллын жинхэнэ баталгаа болсон энэ ололтыг бид цааш нь бэхжүүлэх л тухай ярих ёстой гэж бодож байгаа. Тэрнээс биш ганц нэг сахилгагүй, ёс зүйгүй шүүгч прокуророос болж үүнээс татгалзах тухай асуудал байхгүй.

-Тухайн үед УМБГ-ын даргаар ажиллаж байсан хурандаа Эрдэнэбат асуултанд хариулахдаа их л сандарч айсан байдалтай харагдаж юм ярьж бараг чадахгүй байсныг та анзаарсан уу?

-Мэдээж бага зэрэг сандарсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ Эрдэнэбат хурандаа ер нь хүн нь өөрөө зөөлөн л дээ.

-Цагдаа нар иргэдийг хоморголон баривчилж яргалсныг иргэд гэрчилж байгаа. Гэтэл цагдаа нар үгүй гэдэг. Хүний эрхийн үндэсний комисс хүний эрхэнд халдаж эрүүдэн шүүсэн, хүний амьд явах эрх зөрчигдсөн гэж үзсэн байсан. Харин та тухайн үед Онц байдлын комиссын даргаар ажилласан хүний хувьд энэ талаар ямар бодолтой байна вэ?


-Долдугаар сарын 1-ний үйл явдал онц байдал зарлахад хүргэсэн, тэгээд ч эмх замбараагүй байдлыг таслан зогсооход хүчний байгууллагууд тодорхой хэмжээний хүч хэрэглэхээс өөр аргагүй байдалд орсныг та бид харсан шүү дээ. Барьж хориод эрүү шүүлт тулгаж, зодож нүдээд байгаа эсэхийг шалгахад тухайн үед Хүний эрхийн үндэсний комисс, Х.Баттулга, Батбаатар гээд УИХ-ын гишүүд хэд хэдэн удаа хорих байруудаар явсан, эцэг эхийг нь төлөөлж зарим хүмүүсийг ч гэсэн чөлөөтэй оруулж уулзуулсан. Сая нээлттэй сонсголоор Хүний эрхийн үндэсний комиссын дарга, гишүүд цагдаа санаатайгаар эрүү шүүлт тулгаагүй гэдгийг хэлсэн, харин олон цаг явган суулгаж, хоол унд өгөөгүй нь сэтгэл санааны дарамт учруулсан гэж байна лээ. Яагаад явган суулгасан, яаж хооллосон тухайгаа цагдаагийн нөхөд ярьсан. Миний бодлоор яргалж, эрүү шүүлт тулгасан юм байхгүй. Тал талдаа цочирдсон, тэвдсэн тухайгаа цагдаагийнхан ч өөрсдөө сая ярьсан шүү дээ.

-Буудах тушаал өгсөн эзэн нь одоо хүртэл олддоггүй. Тэгсэн атлаа яах аргагүй тавын таван хүнийг буудаад алчихсан байдаг. Баахан цагдаа эрүүл мэндээрээ хохирсон. Явж явж жирийн цагдаа л хариуцлага хүлээгээд энэ явдал дуусах нь. Энэ талаар та юу хэлмээр байна вэ?


-Үүргээ гүйцэтгэж, эмх замбараагүй байдлыг таслан зогсоосны төлөө цагдаа хариуцлага хүлээх ёсгүй. Тийм шударга бус юм байж болохгүй. Одоогоор тушаал өгсөн хүнийг хайгаад байгаа юм. Нэгдүгээрт, цагдаад “бууд” гэдэг командыг хэн ч өгдөггүй юм. Хууль журмаараа цагдаа нөхцөл байдлыг үнэлээд бусдын болон өөрийн амь насанд аюул учирсан тохиолдолд галт зэвсэг хэрэглэх эрхтэй. Тийм хуультай. Аюул занал учирсаар байхад даргаасаа команд, зөвшөөрөл аваад ирье, тэгээд галт зэвсэг хэрэглэе гээд гүйгээд явчихдаг цагдаа дэлхийд хаана ч байхгүй. Хоёрдугаарт, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал, штабын хурал бүгд бүрэн бичлэгтэй, протоколтой явагддаг. Хэн ч цагдаад ямар нэгэн байдлаар буудах команд өгөөгүй, харин ч С.Баяр дарга галт зэвсэг хэрэглэхгүй шүү гэж цагдаагийн удирдлагад хэлээд гаргаж байсан юм. Гуравдугаарт, цагдаа энэ таван иргэнийг буудаж амь насыг нь хөнөөснийг шүүх тогтоогоогүй байгаа шүү дээ. Одоогоор мөрдөн байцаалт явагдаж байгаа.

-Буудах тушаал өгөөгүй байхад цагдаа яахаараа сумтай буугаар зэвсэглэсэн байдаг юм бэ?

-Цагдаад буудах тушаал өгдөг хүн байдаггүй юм гэж би хэлсэн шүү дээ. Албан үүргээ гүйцэтгэж явахдаа цагдаа галт зэвсгээр зэвсэглэнэ, энэ нь хууль журмаар зохицуулагдсан асуудал.

-Ер нь тэр өдөр цагдаа нар яагаад босогчдын эсрэг хөдлөхгүй зүгээр л бамбайгаа толгой дээрээ барьчихаад чулуун байлдаан хийгээд байсан юм бэ. Эсвэл дээрээс ямар нэгэн команд хүлээж байсан хэрэг үү?


-Дээрээс ямар ч команд хүлээхгүй, ямар нэгэн улс төрийн албан тушаалтан цагдаад “зодуулаад зогсоод бай” эсхүл “зодоод бай” гэсэн утгатай команд мэдээж өгөхгүй. Тэгээд ч өгсөн байсан ч цагдаа түүнийг дагах учиргүй. Эмх замбараагүй байдлыг зохицуулах цагдаагийн мэргэжлийн ажилд улс төрийн албан тушаалтан бид оролцоод эхэлбэл цагдааг удирдлагагүй болгоно гэсэн үг. “Нэг мөр олон цагдаа оруулаад хүмүүсийг тараачихаж болохгүй байсан юм уу” гэж би дараа нь үйл явдал өнгөрсөн хойно цагдаагийн дарга нараас асуухад байсан бамбай, каск, бороохойныхоо тоонд баригдсан юм гэж надад тайлбарлаж байна лээ.

-Цагдаагийн даргад тэгээд хэн команд өгдөг юм бэ? Хууль зүй, дотоод хэргийн сайд уу, Ерөнхий сайд уу, Ерөнхийлөгч үү?

-Мэргэжлийн ажил дээр нь хэн гуай ч команд өгөхгүй, өгөх ч ёсгүй шүү дээ. Жишээ нь, энэ хэргийг ингэж шалга, тэрнээс мэдүүлэг ав энэ тэр гэж Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, хариуцсан сайд ч үүрэг өгөх эрхгүй. Долдугаар сарын 1-ны үйл явдлын үеэр ч гэсэн Н.Энхбаяр, С.Баяр бид гурав цагдаад ямар команд чиглэл өгөх билээ… Тэдэн цагдаа оруул, тийм зэвсэг хэрэглэ, ингэж тараа гэж хэлэх мэдлэг туршлага, эрх мэдэл бидэнд байхгүй, байх ч ёсгүй. Улс төрийн хариуцлага бол өөр асуудал. Ямар нэгэн зүйл дээр буруу дүгнэлт хийж, өдөөн хатгаж, байдлыг улам хурцатгасан, шаардлагатай улс төрийн шийдвэр гаргаагүй бол улс төрийн хариуцлагыг ярьж болно. Би хувьдаа тухайн нөхцөл байдалд хийх ёстой бүхий л зүйлээ хийсэн, ямар нэгэн алдаа гаргаж байдлыг хурцатгаж, хүндрүүлээгүй, хэцүү байдлыг хэвийн болгоход хувь нэмрээ оруулсан гэж бодож байгаа.

-Тухайн үед онц байдал зарласнаас хойш бүхнийг хяналтнаасаа алдсан гэж бодож болох уу. Учир нь буудах тушаал өгсөн хүн нь олдохгүй бас яг буудсан хүн нь олдохгүй байгаа шүү дээ?


-Үгүй. Бүх зүйл харин ч хяналтанд орсон. Онц байдал зарлаагүй бол байдал улам ч хурцдаж, төсөөлөшгүй аюултай нөхцөл байдал үүсэх байсан. Хэдэн мянган согтуу, танхайрсан залуус намын байраас Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс рүү хөдөлж, тэндээс галт зэвсэг булааж авна, тэгээд ЦЕГ руу явна гэж байсан цаг мөч шүү дээ. Тушаал өгдөггүй гэдгийг би хэлсэн. Харин буудсан хүнийг прокурор, цагдаа тогтооно гэж би бодож байна.

-Эд мөрийн баримтаар хөөгөөд хэний эзэмшлийн ямар буунаас буудагдсан хонгио болохыг одоо болтол тогтоогоогүй юм уу, тогтоохыг хүсэхгүй байгаа юм уу. Шинжлэх ухаан өндөр хөгжсөн шүү дээ. Хуульчид ч биш жирийн иргэд үүнийг ярьдаг юм билээ?

-Үүнийг та мөрдөн байцаалт явуулж байгаа хүмүүсээс нь асуух хэрэгтэй байх. Хүний амь эрсэдсэн байна, цагдаа буудсан байх магадлалтай байна гэсэн мэдээгээр хэргийг мөрдөх ажлыг цагдаагаас авч Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанд шилжүүлэхийг Амарболд генералд санал болгосон, тэр ч зөвшөөрч хэргийг шилжүүлсэн. Ингэхээс өөр арга байгаагүй. Цагдаагаас бие даасан, хамааралгүй байгууллага, хүмүүсээр энэ хэргийг шалгуулах хэрэгтэй гэж үзсэн.

-Онц байдлын ажлын хэсгийн даргын хувьд бүхнийг хянах бололцоо тухайн үед хэр байсан бэ?

-Онц байдал тогтоосны дараа байдал хяналтанд орж эхэлсэн. Өглөө 03-04 цагийн үед байдал намжлаа гэж надад цагдаагийн удирдлага надад илтгэж байсан.

-Ер нь яагаад таныг штабын даргаар тавьсан юм бэ? Цагдаагийн даргыг томилж болох байсан шүү дээ?

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр гарсан.

-Танд “үгүй” гэх боломж байгаагүй нь мэдээж. Харин одоо харамсдаг уу?

-Тэр хүнд нөхцөлд бүгд л чадах ядахаараа зүтгэнэ шүү дээ. Дараа нь ийм тийм улс төр болчих бий дээ гэж бодож суух зав цаг ч байгаагүй. Харамсах юм байхгүй, штаб үүргээ цаг хугацаанд нь хуулийн дагуу биелүүлсэн, штабын ажилд оролцсон олон байгууллага, хувь хүмүүс нойр хоолгүй, идэвхитэй ажилласан. Заримд нь би талархлаа илэрхийлж амжсан, заримд нь амжаагүй л явна.

-Би таныг харамсдаг байж магадгүй гэж боддог. Учир нь түүнээс хойш 7 дугаар сарын 1-тэй таны нэр хоршоо үг болох шахлаа?

-Болгох сонирхолтой хүмүүс байгаа юм байлгүй дээ. Тэрнээс биш энэ үйл явдлыг өдөөсөн, зохион байгуулсан, оролцсон хүмүүс нь хэн бэ, энэ байдлыг зохицуулах гэж оролдсон нь харин хэн бэ гэдэг олон нийтэд ил тод л байсан гэж би боддог. Цаг хугацаа олон зүйлийг тодруулж, үнэн зөвийг ойлгуулна гэдэгт итгэлтэй байдаг шүү.

-Н.Энхбаяр улс төрийн тавцангаас явсан, С.Баяр ч бас Ерөнхий сайдаа өглөө. Удахгүй намын даргаа өгөх биз. Тэдний хувьд карьер нь нар адил жаргаж байна. Харин таны хувьд тийм биш. Тэгэхээр ирээдүйд алхах тоолонд чинь энэ хэрэг таныг сүүдэр адил дагах нь байна шүү дээ.

-Магадгүй… гэхдээ надад энэ асуудлаар хэнээс ч айж ичих,юу ч нууж дарагдуулах шаардлага байхгүй. Бид тухайн үед бүх юмыг хууль номын дагуу, улс орны эрх ашгийг урьтал болгож хийсэн. Бидний хийсэн, ярьсан зүйл бүгд бичлэгтэйгээ, протоколтойгоо байгаа.

-Саяхан гэхэд л таны дотны нөхөр Сү.Батболд Ерөнхий сайд боллоо. Та хоёрыг нэг фракц гэж ойлгодог. Түүний орон гарсан Гадаад харилцааны сайдын албан тушаалд хамгийн боломжтой нэр дэвшигч бол та байсан. Гэтэл нэгдлийн эдийн засагч дипломатуудыг удирдахаар боллоо. Яагаад та биш гэж?


-Яагаад заавал би байх ёстой гэж?

-Харин яагаад та биш гэж. Магадгүй долдугаар сарын 1-нээс болсон уу?


-Намын боловсон хүчний бодлогын асуудал шүү дээ. Би тэр албан тушаал дээр очоогүй олон шалтгаан байж болно, Харин долдугаар сарын 1-нээс л лав болоогүй гэдэгт би итгэлтэй байгаа.

-Хэрвээ та улирч одсон тэр тэр аймшигт өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Мөнх-Оргил биш жирийн нэг иргэн Мөнх-Оргилын нүд сэтгэлээр харж үзсэн үү?

-Сайд ч байна уу, жирийн иргэн ч байна уу миний бодол байр суурь нэг их өөрчлөгдөхгүй.

-Тэгвэл хөндлөнгийн байр сууринаас хуульч хүний нүдээр ямар дүгнэлт хийж байна вэ?


-Энэ бүх үйл явдал олон жилийн өрнөлттэй гэж бодогддог. Олон жилийн турш хууль биелэхгүй, тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн, төрийн цагдаагийн погоныг урж тастсан, сонгууль будилсан гэх үнэн худал нь мэдэгдэхгүй яриа гарах бүрт долдугаар сарын 1-ний үр цацагдаж л байсан. Бага ч гэсэн зүйл дээр хуулийн дагуу ажиллаж, хийсэн хэрэгт нь таарсан шийтгэлийг нь оноож байхгүй бол юү ч хийж болно, эрх чөлөө хүний эрхээ эдэлж байна гэсэн буруу ойлголттойгоор хүмүүжиж анархизмын хаалгыг нэг удаа татаж үзээд хаалаа шүү дээ. Ер нь манай нийгэмд хүний эрхийн цаана иргэний үүрэг байдаг гэсэн ойлголт ихээхэн бүдгэрч байна. Дээр нь улс төрийн намуудын хэт их зөрчилдөөн, хамтраад ажиллаж чаддаггүй байдал нийгэмд хэт их улс төржилт авчирч ийм эмгэнэлт явдал руу хөтөллөө. Одоо сургамж авч энэ үйл явдлыг давтахгүй байх бүх төрлийн баталгааг л бий болгох хэрэгтэй.

-Хүмүүс нэг л зүйл дээр таныг буруутгадаг. Та түүнийг мэдэх үү?


-Олон юм ярьж бичих юм байна шүү дээ…

-Босогчид эд улайрч байх үед түүнийг таслан зогсоох арга хэмжээ огт аваагүй гэж буруутгадаг. Магадгүй арга хэмжээ аваагүйгээс үймээнийг улам дэвэргэж улмаар онц байдал зарлах хэмжээнд хүргэж таван хүний амь үрэгдсэн гэж ярилцдаг. Үнэхээр таслан зогсоож болохгүй байсан юм гэж үү? Ус цацаад ч болов?

-За, яг ямар арга хэмжээ авсан, юу нь болсон, юу нь дутсан гээд энд сонин хэвлэлээр ярих ч юм байна, ярихгүй ч юм байна. Энэ жагсаал цуглаан үймээн болохоос урьдчилан сэргийлэх гэж, дараа нь аль болох хурдан тараах гэж бид бүгд бололцоотой бүхнийг хийсэн гэдгийг л энд хэлье. Сонин хэвлэлээр мань мэтээсээ ийм юм асуугаад байгаа юм, асуух ч ёстой байх. Гэхдээ энэ үймээнийг зохион байгуулсан, оролцсон, турхирсан, хүмүүсээс юу ч асуудаггүй, тэдний зөв байсан, тэдний эхлүүлсэн, түйвээсэн галыг унтраасан хүмүүс нь буруутай мэтээр ярьж хөөрөөд байгаа нь ойлгомжгүй л байгаа юм.

-Тухайн үед ажил хариуцаж байсан Н.Энхбаяр, С.Баяр, Амарболд бас таныг гээд буруутай байж болох эрхтэн дархтнуудыг бүгдийг суулгаж байгаад дахиад ний нуугүй ярилцвал яасан юм бэ. Та зөвшөөрөх үү?


-Юунд буруутгаад байгаа билээ? Ширээ тойрч суугаад бид юу ярих гэж?

Төрийн ажил төрийнхөөрөө л байг.

-Та их битүү хүн шиг санагддаг юм. Тэр болгон дотроо уудалж ярихгүй. Хэвлэлээр таныг гөвж л байхад дуугүй л байдаг. Гэтэл бусад нь тэгдэггүй шүү дээ. Өөрийгөө хэргээс мулталж авахын төлөө бүхнээ хийдэг..

-Ярих гарцаагүй шаардлага байгаад, өгөх мэдээлэл л байвал ярина шүү дээ. Болж өгвөл төрийн хүний байр сууринаас аливаа асуудалд хандах ёстой л гэж боддог юм.

-Амь үрэгдсэн хүмүүст мөнгөн нөхөн олговор олгоход нэг хохирогчийн аав авахгүй заавал та нарт хариуцлага тооцно гэсэн. Тэр талаар юу хэлмээр байна вэ?


-Тэр хүний л сонголт шүү дээ. Өөр юу гэх билээ… Би дүгнэж хэлэх нь утгагүй юм биш үү.

-Одоо Н.Энхбаяр ч иргэн Н.Энхбаяр болсон. Мөд С.Баяр ч өөрийгөө энэ хэргээс сугалах байх. Тэд таныг золиосонд гаргаж байгаа юм биш биз?


-Тэр хоёр өөрсдөө тэгж байна уу?

-Үгүй л дээ. Гэхдээ л нийгэмд төлөвшиж байгаа ойлголтуудыг би танд асуулт болгон тавьж байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр Мөнх-Оргилыг галд шидчихээд өөрсдөө эвтэйхэн мултарч байна гэцгээж байна. Танд ийм үг яриа сонсогдохгүй байна уу?

-Бидний хэн маань ч ямар нэгэн буруу шийдвэр гаргаж, буруу үйлдэл хийгээд тэр нь хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирох, эд хөрөнгө устгахад хүргээгүй гэж боддог. Тухайн үед ҮАБЗ ч тэр, штаб ч тэр зөв шийдвэр гаргаж, зөв л ажилласан. Онц байдал зарласан үед төрийн бүх эрх мэдэл ҮАБЗ-д шилждэг юм. Ийм хуультай. Штаб бол төрийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулдаг үүрэгтэй. Бас л хуультай.

-Борис Ельцин Путинг залгамжлагчаараа сонгосны хариуд Путин түүнийг насан туршид нь дархалж байсан. Түүн шиг одоогийн Ерөнхий сайд өмнөх Ерөнхий сайдаараа нэг их оролдохгүй биз. Энхбаярыг дийлдэг хууль Монголд байдаггүй. Тэгэхээр одоо хөөрхий цагдаа нарыг болон амбиц багатайгаар нь таныг л шахаанд оруулах юм шиг санагдаад байна даа. Танд тэгж санагдахгүй байна гэж үү?

-Танд л тэгэж санагдаад байгаа юм байлгүй дээ. Харж л байя. Бүр байж чадахгүй байгаа бол та Н.Энхбаяр, С.Баяр хоёроос наад асуултаа асуу даа. Надад энэ талаар өөр ярих зүйл байхгүй. Би бодож байгаагаа л ярилаа. Гэхдээ асуудалд төрийн хүний байр сууринаас төлөв төвшин хандая гэсэн бодол надад бий.

-Юутай ч ярилцсанд баярлалаа. Харин би энэ асуултаа цаг нь болохоор тэр хоёроос заавал асуунаа. Танд амжилт хүсэе.


-Баярлалаа.
Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.