Сүүлд шинэчлэгдсэн: Өнөөдөр 17 цаг 38 минут
Ц.Элбэгдоржийг дэмжихгүй байх нь гэмт хэрэг биш

Тийм ээ, Ц.Элбэгдоржийг дэмжихгүй байх нь гэмт хэрэг биш. Бас Ц.Элбэг­дор­жийг дэмжихгүй байх нь ардчиллаас ухарсан хэрэг биш.  Ц.Элбэгдоржийг дэм­жихгүй байх нь авлигачдыг хамгаалсан хэрэг биш. Тэр үүнийг сайн мэдэж байгаа. Яагаад гэвэл ардчилал зөвхөн Ц.Элбэгдоржийн хувийн  өмч биш. Ардчилал зөвхөн АН-ын нүүрэндээ наадаг гялгар цаас биш. Ардчилал бол 1990 онд Сүхбаатарын талбайд дүн өвлийн хүйтнээр гэр орон, үр хүүхдээ орхиод, ажил амьдрал,  амь насаараа дэнчин тавиад эх орныхоо өнцөг булан бүрээс хуран цугларсан  тэр олон хүний  өмч юм. Та бидний, үр хүүх­дийн маань, өвөө эмээгийн маань, диваажинд одсон ахмадуудын маань өмч юм. Ардчилал бол энэ дэлхийн долоон тэрбум хүний өмч юм.

Хэн хүссэн нь,  хэн зориглосон нь энэ өмчийг өмчилж болдог. Дэлхийн юм, дундын юм. Түүнээс ардчиллыг ганцхан Ц.Элбэгдорж ярьж, авлигачтай ганцхан Ц.Элбэг­дорж тэмцдэг юм биш. Яг ийм ойлголтоор  өдгөө нийгэм өвчилсөн байна. Өвчлөөд зогсохгүй та бид­ний тархинд ялзрал явагдаж эхэл­сэн байна. Энэ бол оюун санаа­ны дарангуйллын эхний шинж тэмдэг. Энэ бол “Бүгд тэгш эрхтэй. Харин гахай бусдаасаа илүү тэгш эрхтэй” гэх лоозонтой агаар нэг юм. Ц.Элбэгдоржийг шүүмжилсэн хүн авлигач болдог юм уу. Ц.Элбэгдоржид дургүй хүн авилгачидтай халаас, хормой нэг үү.   Ц.Элбэгдоржийн алдааг хэлсэн хүн арчаагүй, бүдүүлэг новш болж харагдах уу. Тийм ээ, яг одоо ийм ойлголт нийгэмд бүрэлдэж  байна. Тийм цаг үе рүү та биднийг хөтөлж байна. Энэ бол оюун санааны түрэмгийлэл юм.

 Хүмүүс ээ, та бүхэн өөрсдийгөө нэг хар даа. Авлигатай тэмцэхийн тулд, ардчилсан оронд амьдрахын тулд, ирээдүйдээ итгэлтэй байхын  тулд заавал Ц.Элбэгдоржийг сон­гох ёстой гэж үү. Б.Бат-Эрдэнийг дэмжигчид яагаад үзэл бодлоо нууцалж, түүнийг дэмжиж байгаагаа хүнд хэлэхээс ичээд байна вэ. Бөх хүнийг дэмжихээс ичиж сэтгүүлч хүнийг дэмжвэл соёлтой, орчин үеийн, ардчилсан хүн болж харагдах гээд байна уу. Жинхэнэ гал улаан хувьсгалч болохын тулд хамтралын бухыг мөргөсөн феодалын бухыг буудаж алдаг хөгтэй явдалтай адил биш байна гэж үү. Хүнийг эзэмшсэн мэргэжил, арьсны өнгө, эрдэм боловсролоор нь дугаарлах хөгийн зан бидний эцэг өвгөдөөс улбаатай гэж үү. Үгүй. Энэ бол монголчуудын уугуул биш суугуул соёлын үр дагавар.  Яагаад бөх хүнийг “хүн биш”,  сэтгүүлчийг “хүн мөн” гэж бод­но вэ.   Яагаад заавал Харвардад сургууль төгссөн хүн эх орондоо сургууль төгссөн хүнээс илүү гэж. Түүхээ сана. Монголын түүхийн хамгийн эгзэгтэй үед дотоодын маань “бүтээгдэхүүнүүд” л улсаа аварч гарч байсныг сана. Гадаадад сургууль төгссөн, орос англиар ярьдаг  хүн бүр мундаг уу. Тэд эх орноо гэсэн сэтгэлтэй юү. Үүнийг бичигч би өөрөө сэтгүүлч. Өмнөх он жилүүдэд би Ц.Элбэгдоржийг дэмжиж байсан. 2009 оны Ерөн­хийлөгчийн сонгуулиар Ц.Элбэг­доржийг дэмжиж бичиж байсан шигээ өнөөдөр Б.Бат-Эрдэнээс нэг төгрөг ч авахгүйгээр дэм­жиж байна. Яагаад гэвэл Н.Энхбаярын хэмжээгүй эрхт хаанчла­лын он жилүүдээс дутахгүй Ц.Элбэг­дор­жийн хаанчлал эхэлж магадгүй болчихлоо. АН-ын зүгээс телевизүүдээр сурталчлуулж буй тулгын гурван чулуутай, цай чанадаг рекламыг санаж байна уу. Монгол ахуйтай, үнэнд ойрхон сурталчилгаа мэт боловч улс төрд бол худал зүйл юм шүү. УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нь нэг намаас байна гэдэг хэм­жээгүй эрхтэй, хяналтгүй төр бий болохын дохио юм. Ийм төр  авлига, айдас, хэлмэгдүүлэлт бий болгодог гэдгийг бид Н.Энхбаярын хаанчилсан  он жилүүдээс харсан. Төрийн эрх мэдлийг хэзээ ч нэг намд, хэсэг бүлэг хүмүүст өгч болохгүй ээ, ард түмээн. Тэд заавал хяналттай байх ёстой.  Он жилүүдийг эргэн сана.  2009 онд МАН-ын хэмжээгүй эрхт засаглалын дундуур Ц.Элбэг­дорж Ерөнхийлөгч болсон нь хав харанхуй өрөөний хаалгыг цэлийтэл нээх шиг л болсон. Тэр үед сөрөг хүчний дуу хоолой улам тод сонсогдож, албан тушаал эрх мэдэлдээ эрдсэн нэг намд шударга сануулга өгч байсан. Энэ бол Ц.Элбэгдоржийн гавьяа юм. Харин одоо АН бүх эрх мэдлийг атгаж буй энэ цаг үед Ц.Элбэгдоржийг яагаад ч дахин сонгож  болохгүй мэт. Төрөө хяналттай болгохын тулд Б.Бат-Эрдэнийг оруулж ирвэл шүүх, цагдаа, прокурор, АТГ нэг талдаа гарахгүй. Ядаж л УИХ дээр олонхиороо түрээ барьж шийдсэн аливаа хуульд Ерөнхийлөгч маань тэдэнтэй хуйвалдалгүй хориг тавьж чадах тусгаар эрхтэй байх ёстой шүү дээ. Бодоод үз. УИХ-ын гишүүн атлаа Засгийн газрын гишүүн болчихсон сайд нар эхнээсээ хэрхэн “галзуурч” байгааг хар. Ямар ч хэлмэгдүүлэлт, ямар ч хууль бус ажиллагаа явуулсан тэднийгээ дараад нуугаад өнгөрөх боломж бүрдэж байна. Энэ боломжийг бүү олго. Ц.Элбэгдорж бол хулгайч, худалч, авлигач биш. Гэхдээ түүнийг энэ удаа сон­гохоос татгалзах хэрэгтэй санаг­дана. Төрөө хяналттай байлгаж тэнцвэртэй засаглал бий болгохын тулд зөв сонголт хийх ёстой юм.  Тусгаар Монгол Улсын иргэн та хэнийг ч дэмжих эрхтэй.  Бас  Ц.Элбэгдоржийг дэмжихгүй ч байж болно. Энэ бол эрх чөлөөт, ард­чилсан Монгол орны иргэн таны эрх чөлөө. Хяналтгүй, хэмжээгүй эрхт төрийг бий болгохгүй байх эрх ч бас таных.

Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.