Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Найзууд аа, та нар арай биш ээ 2010 оны 3 сарын 11

Л.Мөнхбаясгалан

Найзууд маань Сүхбаатарын талбай дээр өнөөдөр жагсана. Тэнд Ж.Батзандан, О.Магнай, Чимэдсүрэн гээд миний сайн таних нөхөд бий. Анх иргэний хөдөлгөөн Монголд үүссэн тэр нэг өвлөөс хойш бие биеээ таних болж сайдаж муудаж явсаар хэдэн жилийг үджээ. Эрүүл нийгмийн төлөө эрслэн боссон манай үеийн энэ хэдэн залууг  үхэн хатан дэмжиж байсан цаг  саяхан.  Анхны ярилцлагыг нь хийж өгч, жагсах хүн цөөхөн байвал редакциараа гүйж очин олон болгож харагдуулахыг хүсч, чадлаараа дуу хоолойгоо нэмэрлэж байлаа. Бидэнд ямар мөнгө байх биш дээ, болсон үйл явдлыг нь давсалж байгаад л сониндоо бичиж өгөх нь хамгийн том тус байж. Гэхдээ үүнийг тус гэж боддог эсэхийг хэлж мэдэхгүй юм. “Тус ярьвал ач харина” гэдэг үгтэй болохоор яалаа гэж тоочих билээ. Болсон үйл явдлыг бичих нь сэтгүүлчийн үүрэг тул  “Бичихгүй байх чинь яасан юм бэ” гэж одоо ам асуух эрх нь тэдэнд бий. Үнэхээр л эрүүл нийгмийг цогцлоон бүтээж, шударга үнэний төлөө амиа өгөхөд ч бэлэн гэж тэдэнд итгэдэг байлаа. Тухайн үед МАХН, Ардчилсан намын худал амлалтууд, улс төр, албан тушаалын төлөө эрхэм зорилго, үнэт зүйлээ хоромхон зуурт наймаалцаж орхидог зэвүүн занг нь залуу нас минь  хүлээн зөвшөөрөхгйү байсан  юм. Үнэхээр тэр үед  Ж.Батзандан, О.Магнай нарт хувьсгал хийх хөрс шороо нь бэлэн байсан юм шүү.  Чадлаараа л дэмжиж тэдний төлөө, тэдний дэвшүүлж буй үзэл бодлыг хамгаалж  бусадтай  маргаж муудалцах юу ч биш байлаа.  Төрийн ордон руу улаан лооль шидэхэд нь  “Төрөө дээдэлдэг ард түмэн байхад төрийн ордон руу лооль шиднэ гэнээ” гэх хуучинсаг ойлголтын эсрэг сөрж зогсож байлаа. Улаан лооль шидэж  болдоггүй яачихсан ордон юм бэ, эрх баригчид  ард түмний боол болохоос эзэн нь биш гэж сэтгүүлч нөхөд маань тэднийг өмөөрч л байлаа. “Өдрийн сонин”-ы хамт олон нэг өдрийн цалингаа хандивлаж сэтгүүлчдээ уриалж байсныг ч санаж байна. Гэвч  тэдэнд итгээд бид юу хожив гэсэн асуулт цаг хугацаа өнгөрөх тусам хариулт нэхээд байх боллоо. Юу хожих байсан бэ гэвэл  мөнгө биш, эрх мэдэл биш  Эрүүл нийгмийг л хожих ёстой байсан юм. Гэвч байдаггүй ээ. Уулзах хүний тоо олширч, уншсан ном зузаарах тусам найзууд маань буруу замаар будаа тээснийг мэдрэх болсон билээ. Дээд зэрэглэлийн үнэтэй рестораны тусгай өрөөнд   тэдэнд итгэсэн мянга мянган залуу хүний итгэл сэтгэлийг юу ч бодолгүй арчиж  үзэл бодлын наймаа хийж  байгааг нь  сонсох бүртээ итгэл маань аажмаар алдарсан.  Тэгээд шүүмжлэх боллоо. Учир нь Э.Бат-Үүлийн “Намайг гүтгэх тэр эрх чөлөөнийх нь төлөө би үхтлээ тэмцэнэ” гэж С.Зоригийг алсан хэрэгт гүтгэгдэж шоронд ороод буцаж гарч ирэхдээ хэлсэн тэр алдарт үгэнд итгэчихсэн байсных. Э.Бат-Үүл хэлсэн үгэндээ хүрч нэг ч хэвлэлийг шүүхэд өгөөгүй бөгөөд харин хэвлэлийн эрх чөлөөний төлөө өнөөдрийг хүртэл тэмцэж яваа билээ. Гэтэл байдаггүй ээ.  Өнөөх баруунд боловсрол эзэмшсэн, эрүүл нийгмийг хүсч, үг хэлэх хэвлэн нийтлэх эрх чөлөөг тунхаглаж байсан Ж.Батзандан, О.Магнай нар маань шүүмжилсэн нийтлэл унших бүртээ Ху намын хөгшин дарга нараас ч илүүтэй өрвөлзөж өс санах болсон юм.  Одоо бүр байчихаад “Улс төрийн тойм” сониныг маань доромжилж, МАХН-ын дарга нарынх хэмээн эндүүрч зүйл бүрээр оролдох болов. Монголын чөлөөт хэвлэлийн 20 жилийн түүхийн 13 жилд нь  үзгээ барьж явсны хувьд тэднээр ингэж хамт олноо элэг бариулж чадахгүй гэдгээ  албан ёсоор хэлчихье.

    Нэгэн цагт үзэл бодлоороо дэмжиж явсан найз нараасаа оюун санааны зам нэгмөсөн салах болсон хамгийн том шалтгаан бол аймшигт долдугаар сарын 1.  Тэр өдрийн тэмцлийг зөв байсан гэдэгт одоо ч итгэдэг. Бүр үхэн үхтлээ итгэх болно. Харин тэдний үгэнд итгээд  цусаа урсгаж, амиа хайрлаагүй нөхдөө орхичихоод амь зулбан зугтсанд нь дургүй хүрдэг. “Ганц худаг”-ийн давчуу өрөөнд хэд хоносондоо шантарч улс төрийн хамгаалалт эрэн өнөөх муулаад байсан Ардчилсан намдаа элссэнд нь  бүр ч их гутдаг. Ийм арчаагүй новшнуудын үгэнд орж тэр өдөр МАХН-ын байрны гадаа цугларч, цусаа урсган, амиа өгсөн ард түмний өмнөөс одоо ч дотор аргадаг.  Хэдэн зуун залуу шоронд хоригдож таван хүн амиа алдаж олон эхийн сэтгэл шимширсэн тэр өдрийн үнэ цэнийг юугаар хэмжих юм бэ. Цагдаад байцаагдаж байхдаа ч тэд юу ч дуугарч чадаагүй. “Намайг тэр цаазаар авах зүйл ангитай ялаараа шийтгэ хамаагүй. Харин энэ залуусыг сулла” гээд хэлчих болов уу гэж хоёр жил горьдлоо. Харамсалтай нь тийм зориг зүрх,  улс төрийн соёл тэдэнд байгаагүй юм. Ж.Батзандан, О.Магнай нарыг хоригдож  байхад ч өмөөрч үзгээ хурцалж суулаа. Яагаад тэгсэн бэ гэвэл, тухайн үед долдугаар сарын 1 -ний тэмцэлд оролцсон хүн бүрийг өмөөрөх ёстой байсан юм. Тэгээгүй бол дөрөвхөн өдрийн онц байдал дөчин жил ч үргэлжлэх боломжтой байлаа. Хэрвээ Э.Бат-Үүлгүй, Ц.Элбэгдоржгүй, Х.Баттулгагүй байсан яах байсан юм бол оо одоо ч бодогддог юм шүү. Өдгөө үзэн ядаад байгаа тэр Хууль дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргил чинь сонинуудыг хоморголон хаах шийдвэрийг эсэргүүцэн  болиулж байсан юм шүү.  Харин одоо бүх зүйл өнгөрмөгц өнөөх жижиг туулайнууд  дахин улс төрийн даажигнал хийх юм гэнэ. Өнөөх л дургүй хүргэм сүржин уриа, даржин төрхийг дахин бид үзэх гэж үү. Сүүлийн хэд хоногийн хэвлэл мэдээллийн тэргүүн нийтлэлүүдээс ажиглахад  тэднийг хүлээж авахаа нэгэнт больсон байна. Дургүйцэж байна. Худлаа ярьдаг гэдгийг нь сануулсан байна. Ичих булчирхайгаа гээснийг нь ч ний нуугүй бичсэн байна. Тэгэхээр найзуудаа та нар арай биш ээ. Монголд өөрчлөлт гарцаагүй хэрэгтэй. Худал амлалт, улс төрийн панз, олигархжсан төрөөс хүмүүс залхаж байгаа нь үнэн. Дахин хувьсгал хэрэгтэй нь ч үнэн. Гэхдээ монголчуудын оюун санааны хөтөч нь, тэмцлийн удирдагч нь та нар биш ээ. Ажилгүйдээ ядарч хэдэн халтар төгрөгнөөс болж жагсаалд чинь бараа болж зогсоо эгэл жирийн тэр хүмүүсийг өмөөрнө, би. Харин ядуу байгааг нь далимдуулж, уран үгээрээ урхидаж, урьдийн адил золиос бүү болгоорой  гэж адилхан залуу хүний хувьд захиж байна. Одоо та нар хүчтэй, мөнгөтэй  болсон гэдгийг чинь бас мэднэ. Үзгээ барьж цаасан дээр үгээ бичихээс өөр чадалгүй сэтгүүлчдийг та нар яадгийг чинь харин одоо нэг харъя.  

Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачааллаж байна ...
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой