Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
М.Энхболдод бооцоо тавъя 2010 оны 3 сарын 5

Л.Мөнхбаясгалан  

МАХН-ын дарга хэн болох вэ гэсэн таавар ид өрнөж байна. Аливаа нэг үйл явдлын өмнө заавал ингэж “зөн билгийн тулаан”-д орох хэрэгтэй юм бол мөрийцсөн шиг мөрийцвөл яасан юм бэ.  Хэрэв мөрийцөх хэрэг гарвал бооцоогоо  М.Энхболдод тавъя. Учир нь Миеэгомбо гуайн хүүг басч болохгүй.  М.Энхболд МАХН-ын дарга байгаагүй биш байсан. Ерөнхий сайд ч болж  засаг толгойлж үзсэн. Гэхдээ огцорсон  шалтгаан нь адармаатай. Ерөнхийлөгч Н. Энхбаяртайгаа илт зөрчилдөж түүний эрх ашгийг сөрсний учир албаа хугацаанаас нь өмнө өгч байлаа. Зөвхөн түүнийг л огцруулахын тулд  МАХН-д баахан хөдөлгөөн бий болж намынхаа ээлжит бусаар  их хурлаа  хуралдуулсан түүхтэй. УИХ-ын  МАХН-ын бүлэгт  Д.Арвинаар толгойлуулсан “Элсний 13”  үүссэн бол  МАХН-ын хотын намын хороонд Л.Болормаагаар удирдуулсан сөрөг  фракцийнхан нам доторх хөдөлгөөнүүдтэйгээ  хүч хавсарсан.  М.Энхболд өөрөө МАХН доторх хамгийн хүчтэй мөнгөтэй фракцыг толгойлдог атлаа хоёрхон хүүхэнд хөмрүүлчихсэн л эр. За энэ ч яахав. Түүнийг  Монгол улсын Ерөнхий сайд болон МАХН-ын даргаас огцруулсныхаа дараа С.Баяр танхимдаа Шадар сайдаар ажиллахыг санал болгож байгаагаа хэвлэлийн бага хурал хийлгэн байж зарласан нь  араа бодсон хэрэг байлаа. Учир нь Нийслэлийн намын хороо болон түүний толгойлдог хотын бүлгээс эмээсэн юм. М.Энхболдыг МАХН дотор хэн ч биш болгоход арай л эртдэх байлаа. Ерөнхий сайдын  зангарагтай бас мөнгөтэй хүнийг шууд дайснаа болгон зарлахыг ямар ч улстөрч тойрох л хэрэг. Харин Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр М.Энхболдыг хугацаанаас нь өмнө огцруулсныхаа шанг 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар хэзээ ч мартахгүйгээр амссан юм.  Ямагт гэрлийн хурдаар өсч явсан карьераа тасалдуулж зөвхөн хотод ялагдсан нь түүнд М.Энхболдын зүгээс илгээсэн ил захидал боллоо.  Үүгээрээ  М.Энхболд нам дотроо өөрийгөө хэн болохыг дахин нэгэнтээ нотолсон билээ.  Тэгээд ч  МАХН дотор ямар нэгэн томилгоо болох бүрийд М.Энхболдтой хэрхэн тохирохоос бүх зүйл шалтгаалах болсон. Үүнийг С.Баяр хоёр удаа,  С.Батболд одоогоор ганцхан удаа амсаад буй. Харин одоо МАХН-д дахин нэг шинэ үе эхлэх гэж байна. Энэ бол МАХН-ын ирээдүйн дарга хэн болох вэ гэсэн асуудал. Зарчмын хувьд одоогийн Ерөнхий сайд С.Батболд шууд дарга болох ёстой. Сонгууль ойртож буй ийм цаг үед С.Батболдыг намын дарга болгохгүй бол Засгийн газраа дахин огцруулна гэсэн үг. Учир нь МАХН-ын дүрмээр бол намын дарга нь Ерөнхий сайд байх учиртай. Тэгэхээр Ерөнхий сайдын албыг С.Батболдод өгөх тэр үед яагаад намын даргын албан тушаалыг зэрэг өгчихөж болоогүй юм бэ гэсэн асуулт урган гардаг. Үүнд “Намын даргын асуудлыг их хурлаараа ярих учиртай” гэсэн хөөрхөн шалтгааныг тайлбарласаар ирсэн.  Энэ шалтагаа урдаа барьж байгаа бол дөрөвдүгээр сард хуралдах  бага хурлаараа ч асуудлаа нэг тийш нь болгохгүй  ирэх намрыг хүлээж таарна.  С.Баярын бие үнэхээр сайжирч байгаа бол тэрбээр Ерөнхий сайдын албаа эргүүлж авч болох нэг боломж бий. Гэхдээ энэ хувилбар бараг худлаа. Тэр өөрөө үүнийг хүсэхгүй нь мэдээж. Харин М.Энхболдын хувьд “Одоо миний ээлж” гэж хэлж болох бүрэн боломжтой. Саяхнаас намын дарга болохоор улайрч эхэлсэн Н.Энхбаярт  хувь заяаны шоглоом ямар байдгийг  дахин нэгэнтээ амсуулахыг зорьж мэдэх юм. Өст хүн үлийн даваан дээр ч гэдэг билүү дээ. Нэг тиймэрхүү үйл явдал болохыг үгүйсгэхгүй. Учир нь МАХН доторх залуус хэдийнэ М.Энхболд руу гүйлдэж  эхэлжээ. Долдой нар хаашаа гүйхээс үйл хэрэг шалтгаалдаггүй ч “байлдагчийн халаасанд генералын мөрдэс бий” гэдэг шиг  Шадар сайдын дотор намын даргын суудал багтаж л байгаа. Хэрвээ энэ хувилбар хэрэгжиж эхэлвэл тэрбээр С.Батболдтой хэрхэн учраа олох нь сонин байна. С.Батболд ч бас хүнд нэг хацраа алгадуулчихаад нөгөө хацраа сул тавьж өгөх хүн биш. Гол зодоон энэ хоёр хүний хооронд тэдний фракцуудын дунд өрнөх болов уу. Гэхдээ аль аль нь ил гарч ирээд улайрч тэмцэлдэх араншингүй тул жинхэнэ ханцуй дотор үгсээн явагдана гэсэн үг. Харин Н.Энхбаяр , Ө.Энхтүвшин мэтийн сайн дурын уран сайханчид  тоглоомын гортиг дотор орж чадахгүй. Н.Энхбаяр бол хэвлэл ашиглаж  тархи угаах маягаар л баахан дүвчигнэж  туслах дүрд Д.Арвин цамнаж  таарна. Яаж ч хичээгээд Н.Энхбаярыг дэмжих хүмүүс бүлэг болж чадахгүй. Учир нь цаад хүнийх нь нүнжиг аль хэдийнэ зад үсэрчихээд байна шүү дээ. Тиймээс энэ удаа мөрийцөхөд тулвал М.Энхболдод бооцоо тавимаар санагдаад байгаа юм.

Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачааллаж байна ...
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой