Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Хавар боллоо, ажилдаа гарах нь зөв шүү 2010 оны 3 сарын 3

Л.Мөнхбаясгалан

Хавар бол Монголын эдийн засагт ханш нээдэг улирал. Урин цаг наашилдаг болохоор хамаг бүхэн хөдөлгөөнд орж  байгаа нь тэр. Эдийн засаг маань ч улирлын чанартай болохоор хавар хамгийн зохимжтой улирал байх. Гэхдээ  ганцхан эдийн засагт ханш нээдэг гэж туйлшраад  яахав. Улс төрд ч мөн адил ханш нээгддэг гэдгийг мартаж болохгүй. Өвлийн тэсгим хүйтэнд дагжиж байсан  улс цаг дулаарахаар бие нь тавирч ажилдаа гарахад буруу гэж байхав.  Хавар жаахан түжигнэж аваад зун нь амарч хөдөө гадуур тэнэнэ.  Тарга тэвээргээ сайн авч байгаад намар жаахан тэлчигнэнэ. Тэгээд л өвөл болмогц  ичээндээ ороод унтчихна.

     Энэ хаврын их ажлыг  Ардчилсан намын гишүүн Ж.Батзандан, О.Магнай нар эхлүүлэх төлөвтэй. 2008 оны долдугаар сарын 1-ээс хойш Ардчилсан намд орж амь хоргодсон тэд одоо жаахан ажил хийхгүй эдийн засгийн хувьд тааруухан байгаа бололтой дог. Хорин жилийн түүхтэй Ардчилсан намд тэр зэргийн залуус далайд дусал ус дусаасны дайтай л болоо биз.  Ар араасаа залгасан олон лидертэй боловсон хүчин нь хахаж цацсан намд элсээд ашиг гараагүй нь ойлгомжтой. Тэгээд ч нам бол багийн тоглолт шаарддаг. Амандаа орсноо цагаан хоолойгоор хашгираад  тааралдсан газраа савж унаад байдаг ч юм биш. Хэдэн мянган гишүүдийнхээ үзэл бодлыг зангидаж хамтарсан тоглолт хийж амжилтад хүрэх ёстой. Гэтэл манай найзууд тэгж чадахгүй хэцүү л байгаа байх. Урд нь Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөний тэргүүнүүд байхдаа хязгааргүй эрх мэдэлтэй сайхан байсан нь мэдээж. Шөнө юу бодож олно маргааш нь түүнийгээ хэрэгжүүлээд л. Иргэний хөдөлгөөн гэж байгаагүй үед гарч ирснээрээ  тэд нийгэмд үнэлэгдэж байсан цаг саяхан. Орой болгон телевизээр гараад л... Сэтгүүлч бүхэн хоргоогоод л... Том намын дарга нар уулзъя гэж утасдаад л...гоё л байсан байх. Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд байхад өрөөнд нь орж уулзаад,  зад загнаад... Нээрээ л залуу хүмүүсийн хувьд  олны танил,  нөлөөтэй улстөрч болчихлоо гэж эндүүрмээр байсан даа. Өөрсдийгөө  Э.Бат-Үүл, С.Зориг  болчихлоо л гэж санасан байх. Үнэндээ, бид ч гэсэн тэгж бодож байсан юм чинь. Гэтэл өнгөрсөн хэдхэн жилийн дотор тэднийг  иргэний байгууллагуудын нэр хүндээр хэрхэн гутлаа арчиж хаясныг нь бүгд л мэднэ. Өдгөө иргэний ямар ч хөдөлгөөн  ард түмний итгэлийг авч чадахаа байсан. Энэ бол тэдний байгуулсан гавьяа. “Иргэний хөдөлгөөн бол ямагт ард түмний хөдөлгөөн байдаг. Хэзээ ч аль нэг намд элсдэггүй. Эрх баригчдад үйлчилдэггүй” гэсэн Ж.Батзандангийн анхны ярилцлагадаа хэлсэн үгэнд олон хүн итгэж байлаа. Бас О.Магнайгийн  “Хувьсгал эхэллээ” гэсэн сүржин мэдэгдэл ч цаг үедээ үнэтэй байсан. Гэвч энэ бүхэн театрчилсан тоглолт байсныг хөшиг хаагдахаас өмнө үзэгчид мэдчихсэн юм. Тэгээд л дахиулахаа байчихсан даа. Гэтэл одоо  Иргэний хөдөлгөөний  ямар юм ч гэнэ үү байгуулчихаад өөрсдийгөө тэргүүнээр нь сонгочихжээ бас. Их л уур уцаартай, ард түмний зовлонд шаналсан царай үзүүлчихсэн сууж байх юм. 1921 онд хөдсөн дээлтэй хувьсгал хийсэн нөхдүүд ийм ууртай байсан  юм болов уу. 1990 оны хувьсгалын удирдагчид бол ийм аймаар царай гаргаж  байгаагүй санагддаг юм.  Сэтгэлд гал байвал тулганд гал байдаг шиг чин зүрхнээсээ хувьсгал хийсэн  ардчиллынханд нүүр хувиргах шаардлага байгаагүй нь мэдээж. Харин одоо бол нүүрээ хувиргаж хиймэл дуу оруулахгүй бол явахгүй л дээ.  Тэглээ гээд тэдэнд атаархаж байна гэж бүү бодоорой. Чадаж байгаа юманд арга байхгүй гэдэг дээ. Хамаг амьтан ичээнээсээ гарч, мөнгө олохын тулд хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж байхад зүгээр суугаад байлтай биш.  Жагсагчид ч гэсэн мөнгө олох хэрэгтэй. Тэд чинь ардаа амьдралтай болохоор урин цагийг угтуулж ажлаа хийхгүй бол болохгүй л байгаа байлгүй. Зовлон их ш дээ.  Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл, УИХ дахь бүлэг гээд тэднээс дээгүүр бодлогоо шийдчихдэг олон хүн бий. Тэгээд ч Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Х.Тэмүүжин нарын хаагуур нь манай найзууд цухайх вэ дээ. Хэцүү л байдаг байлгүй. Чив чимээгүй сураг  алдарахын оронд Сүхбаатарын талбай дээр хүн үнэмшимгүй юм яриад хэвтэж байгаад зунтай золгоод авбал амарчихна. Хувьсгал амардаг юм шүү дээ, тэднийхээр бол. Тэгээд намар буцаад гараад ирнэ. Өвөл ичнэ. Одоогоор  Н.Энхбаяртайгаа они холбон Засгийн газар, УИХ-ыг харааж суувал хэдэн төгрөг нь хаа ч юм бэ. Парламентын нэр хүндийг хугалаж , Засгийн газрыг огцруулах үйл ажиллагаанд хошуу нэмвэл “Том ах” /big brother/ харж үзэх ч юм бил үү. За ямар ч байсан хавар боллоо, ажилдаа гарах нь зөв шүү найзууд аа.

Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачааллаж байна ...
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой