Л.Мөнхбаясгалан
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын өнгөрсөн ням гаригт Монголын Үндэсний олон нийтийн телевизэд өгсөн ярилцлага улс төрийн хүрээнд дуулиан дагууллаа. Ингэх нь ч зүй. Тэрбээр өдгөө жирийн нэг иргэн хэдий ч Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн албыг ээлж дараалан хашиж байсныхаа хувьд үг, үйлдэл бүхэн нь нийгмийн анхаарлыг татах нь гарцаагүй юм. Ялангуяа МАХН-ын ээлжит Бага хурал дөхөж, С.Баяр Ерөнхий сайдын албаа үглэсэн хэдий ч намын даргын албаа хүлээлгэн өгөөгүй байгаа энэ цаг үед Н.Энхбаяр ширүүхэн ярилцлага өгсөн нь яав ч тохиолдол биш. Дотроо хадгалаж явсан хатуу үгээ хайр найргүй шидэлж намаа, намын удирдлагуудаа шүршиж орхисон нь онилсон байгаа оносон эсэхийг мэдэхгүй. Гэхдээ л цээжний цэртэй тэдгээр үгийг ихэнхи нь цочирдож хүлээн авлаа. Ингэхээс ч аргагүй. Дотоод дахь самуунаа гаднах дипломат зангаараа нуухыг хичээж байсан МАХН-ын хувьд энэ бол хатуу тоглоом эхэлсний дохио. Тэгээд ч улсын Ерөнхийлөгч байсан хүн хэзээд тэр дайны дуугардаг, ард түмэн үгийг нь Ерөнхийлөгчийн хэмжээнд хүлээн авч амьсгаа даран чагнадаг гэдгийг надаар хэлүүлэх юун. Иймээс МҮОНТ-ийн студиэс орон даяар хандаж хэлсэн үгийг бултаараа сонсож эгдүүцэх нь эгдүүцэж үүрэн телефоны оператор компаниудын ачаалал ихссэн биз ээ. Тэр ярилцлагаараа дараах байнуудыг ониллоо.
С.Баярт найр тавьсангүй
Алс холын Америкт биеэ эмчлүүлж охидоороо сувилуулж буй С.Баярыг тэр огтхон ч өрөвдсөнгүй. “Алдхан биеэ арчилж чадахгүй төрийн албыг сульдаахад хүргэсний улмаас Монгол улсын Ерөнхий сайдын нэр хүндтэй энэ албыг нэгэн үзүүрт сэтгэлтэй намын нөхөртөө хүлээлгэн өгөхөөс өөр аргагүй боллоо. Намайг уучлаарай” гэж хэлсэн сайхан үгийн үнэ цэнийг тэр нулимж орхилоо. Биеийн эрүүл мэндээсээ болж төрийн өндөр албан тушаалыг хүлээлгэн өгсөн гэж монголчууд С.Баярыг өрөвдөж байлаа. Уяхан зарим нь бүр уйлж байлаа. Сайхан сэтгэлтэй хүмүүс түүний биеийг сайжраасай хэмээн чин сэтгэлээсээ ерөөж байлаа. Хэвлэл мэдээллийнхэн ч гэсэн энэ сэдэвт хүндэтгэлтэй хандаж түүнийг шүүмжлэлийн бай болгохоос тойрч байлаа. Гэтэл Н.Энхбаяр энэ “их хоригийг” үл тоон үгэн сумаар хайр найргүй шүршиж орхив. Түүний үгээр бол тэрбээр өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд луйвардуулсны улмаас ялагдсан юм байжээ. Өмнө нь МАХН Ардчилсан намыг, эсвэл Ардчилсан нам МАХН-ыг луйвардсан болж таардаг байсан бол Ерөнхийлөгчийн сонгуулиар МАХН –ын дарга, удирдлагууд нь Ардчилсан намтай нийлж байгаад Н.Энхбаярыг луйвардсан гэнэ. “Энэ нь ард түмнийг луйвардсан гэсэн үг” гэж тодотгож бас хэлэв. Тэгэхээр Н.Энхбаяр бол ард түмэн юмсанжээ. Хэдхэн жилийн өмнө өөрийгөө төр гэж боддог хүмүүс байсан бол одоо байчихаад өөрийгөө ард түмэн гэж ойлгодог болжээ. Ингээд зогссонгүй “Би Ерөнхийлөгчийн албан тушаалыг Ц.Элбэгдоржид хүлээлгэн өгөхдөө СЕХ-ны шийдвэрийг хүндэтгэж байна гэж хэлсэн. Та нар анзаарсан бол ард түмний сонголтыг хүндэтгэж байна гэж хэлээгүй. СЕХ гэж хэлсэн шүү. СЕХ харамсалтай нь ард түмний саналыг үнэн зөвөөр нь хэзээ ч уламжилдаггүй.” гэв. Бас дээрээс нь “Намын дарга С.Баяр сонинд өгсөн ярилцлагадаа “Нам буруу хүнээ нэр дэвшүүлсэн юм билээ” гэж ирээд л ярьсан байсан. Намайг гүтгэж тийм зүйл ярьсанд нь харамсаж байгаа. Манай намын дарга, намын удирдлага намайг улс төрөөс шахан зайлуулахын тулд ард түмний сонгуулийг луйвардсан. Гэхдээ надад ард түмний амгалан тайван байдал чухал байсан болохоор хэл үггүй албан тушаалаа өгсөн” гэж ярив. Тэрбээр ийм үгийг хоёрдахь удаагаа хэлж байгаа нь энэ. Үнэхээр түүний саналыг МАХН, Ардчилсан нам хоёр нийлээд луйвардчихсан юм бол шалгуулвал яасан юм бэ. Ц.Элбэгдоржийн ялалт байгуулсан 37 мянга гаруй саналыг харин яаж шургуулсан байж таарах вэ. Ийм их зөрүүтэй ялагдлын төлөөс юу байсан юм бэ. Ярилцлага авч байсан сэтгүүлч харин энэ тухай асууж зүрхлээгүй. Ямартай ч намын даргаа, намын удирдах зөвлөлөө илт буруутгаж өдсөн ярилцлагын үнэ цэнэ юу бол. Энэ асуултад дүгнэлт гаргахын өмнө түүний дараагийн үгийг эхлээд саная. “Одоо би гуйж явдаг цаг биш. Харин надад санал тавьж ачаа үүрүүлье гэвэл би үүрэх л болно” . Асуултын хариулт бэлэн ажээ. Тэр намын дарга больё гэж байна. С.Баяр хэрэггүй Н.Энхбаяр хэрэгтэй гэж байна. Товчхон бөгөөд тун ойлгомжтой энэ мэдэгдэл нийгэмд хэр жинтэй бууж байгаа бол. Өвлийн хөр цасан дундуур туучиж, зуд сөрөн малчдад туслаж явсан түүний рейтинг харин хэр өсөө бол.
С. Батболд болон Д.Зоригтыг “илээд” өнгөрөв
Ерөнхий сайд С.Батболдыг нэг их шүүмжилсэнгүй. Тэгэх шалтгаан ч байхгүй. Учир нь С.Батболд хэдийгээр харагдах өнгөн дээрээ Монгол Улсын Ерөнхий сайд боловч эрх мэдэл нь хязгаарлагдмал байгаа. Зарим нэг асуудал дээр зарим сайдууд нь “Ерөнхий сайдаа, намын дарга ингэж шийдсэн юм аа” гээд доогтой нь аргагүй мушилзаж байгаа. Ерөнхий сайдаа давж намын даргаасаа “добро” аваад байгаа хүмүүс мэдээж бий. Тиймээс Н.Энхбаяр энэ удаа түүнийг “гөлөөг” ч гэж тоосонгүй. Эрх мэдэл хэнд байна түүнтэй л тэмцэж ялах болохоос наагуур байгаа шувуухайнууд хамаагүй гэж бодсон нь илт байлаа. Түүнээс биш гүйцэтгэх засаглалын тэргүүн бол шүүмжлэлд сэг болтлоо буудуулж, хатуу хахир үг болгоныг сонсох ёстой обьект мөн. Гэвч Н.Энхбаяр энэ удаа “С.Батболд зэрэг нь ч яамай” гэх маягийн үг унагалаа. Харин түүний танхимд алба хашиж буй Д.Зоригт сайдын рейтингийг өсгөж орхив. Чингэлтэй дүүргийн нөхөн сонгуульд нэр дэвшээд намын удирдах зөвлөл дээрээ түүнд ялагдаж байсан ичгүүр нь өнөөг хүртэл зовоосоор яваа ажээ. Монголын төрийн аль өөдтэй гэсэн албан тушаалуудыг ээлж дараалан хашсан лидер атлаа ач шигээ жаахан “ангаахайд” далаараа цэвэр тавиулсандаа шазуур зууж явдаг бололтой. Бодолдоо хэт автаж Оюутолгойн гэрээгээр далимдуулан муулах гэж оролдсон нь залуу сайдын нэрийг өргөчих шиг санагдсан. Ядахдаа түүнийг МАХН-ын дарга болж магадгүй гэсэн цуу яриа салхины хурдаар тарж яваа үед харин ч нэг “чимэг” нэмчих шиг болсон доо.
Н.Энхбаярын шунал тэчьяал
Ийнхүү Н.Энхбаярын хязгааргүй шунал тэчьяал оргилж эхэлжээ. Тэрбээр МАХН-ын дарга болж улмаар Ерөнхий сайдын албан тушаалд очихын төлөө тэмүүлж байна. Одоо түүний энэ их оргилсон шуналыг хааж боохоосоо нэгэнт өнгөрөв. Юугаар ч тогтоон барих аргагүй юм. С.Баярыг намын даргаа өгч С.Батболдыг Ерөнхий сайдаас огцроосой гэж хүссэн үзэл бодлын нийлэмжүүд өдгөө Н.Энхбаярт аль хэдийнэ хадаг бариад оччихсон байгаа. Тэгээд ч Н.Энхбаяр бол багаа бүрдүүлж, хөрсөө бордоогүй байж эрх мэдэл рүү гүйж явдаг гэнэн жаал биш. Түүнд одоо бүх юм байгаа. Баг бий. Мөнгө бий. Зангараг бий. Хамгийн гол нь юунд ч үл дарагдах хүсэл шунал бий. Ийм байхад ялагдах нь юу л бол. Ядаж нөгөө талд нь Чингэлтэйн нөхөн сонгуулийн үеэр бүрдсэн шиг эрх ашгийн нэгдмэл сонирхол байхгүй болсон. Тэр үед Д.Зоригтоор Н.Энхбаярыг ялуулах нь чухал байсан. Н.Энхбаяр Д.Зоригтоос өөр хэн нэгэн лидерийн өмнө ялагдал хүлээсэн бол тэр ялалт амтагдахгүй байлаа. Тиймээс Д.Зоригтийг ялуулахын төлөө С.Батболдын фракц бүх хүчээ дайчилсан. Хажуугаас нь У.Хүрэлсүх, М.Энхболд нар хүчтэй тулж өгснөөр ялалт Д.Зоригтод хаяглагдсан билээ. Харин энэ гавьяаг нь үнэлж Ерөнхий сайдын суудал С.Батболдод очсон хэрэг. Гэхдээ эрх мэдлийг нь гүйцэд өгөөгүй нь ардаа давхар санаа агуулж байсан байж болзошгүй юм. Яг тэр мөчөөс МАХН-ын түр зуурын эв нэгдэл аажмаар сарниж эхэлсэн билээ. С.Батболд “С.Баярын танхимыг хэвээр нь авч үлдэнэ”гэж хэлмэгц л өнөөх түр зуурын нэгдэл нь бүрэн замхарч үгүй болсныг тэр гадарласан болов уу. Одоо С.Батболдын танхимд нь багтах хувь зохиолгүй бүлэглэлүүд түүнийг намын дарга болгохын төлөө улайрна гэдэг юу л бол. Учир нь хамаг амттай бялуу зарагдчихсан шүү дээ. Харин түүний оронд Н.Энхбаярыг дэмжиж намын дарга болгочихвол шинээр байгуулагдах Засгийн газарт, ядаж л яам агентлагийн хурган даргын орон тоо онгойж эхэлнэ гэдгийг бүгд ойлгож байгаа. Нөгөө талаас Н.Энхбаярыг Ардчилсан нам дэмжих болно. Ийм хүчтэй өрсөлдөгчийн өмнө С.Батболд хүчгүйдэх магадлал өндөр. Эсвэл С.Баяр буцаж Ерөнхий сайд болж намын дарга хэвээрээ үлдэх хөгийн хувилбар байж болох. Гэхдээ үүнийг МАХН болоод нийгэм хүлээн зөвшөөрөхгүй. Үүнийгээ ч С.Баяр мэднэ. Монголын улс төрийн ийм л уур амьсгалд Н.Энхбаярын хязгааргүй шунал тэчьяал оргилж байна. Түүнийг боож хааж номхруулж чадна гэж үү. Чадахгүй л гэж ам алдмаар санагдаад байна даа.
| Танилцуулга |
|---|
| 1997 оноос сэтгүүлчээр ажиллаж байгаа. |
| Цааш нь ... |