Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Монголд хүн болж төрснөөс мал болж төрсөн нь дээр 2010 оны 2 сарын 26

Л.Мөнхбаясгалан  

Зуданд  үхсэн малын сэг зэмийг устгахад зориулж Засгийн газраас 5,5 тэрбум төгрөг гаргахаар болов. Гэтэл шинээр  амаржих газар бариулахад өнгөрсөн онд  унжиж унжиж  700 сая төгрөг төлөвлөсөн нь бий. Сүүлийн хэдэн өдрүүдэд улирлын томуу гэдэг өвчнөөр бага насны хүүхдүүд өвдөж  40 хэм хүртэл халуурсан жаалууд эмнэлгийн шалан дээр аврал эрэн хэвтэж байна. Аргаа барсан эмнэлгийнхэн Батлан хамгаалах яамны агуулахаас 50  эвхдэг ор гуйж аваад  ч хүрэлцсэнгүй. Нийслэлийн зургаан дүүргийн эмнэлгүүдэд нийтдээ 350 л хүүхдийн ор байдаг бол өдгөө өвчилсөн хүүхдийн тоо 1500 хол гарчээ. УИХ-ын гишүүдэд тэрбум тэрбум төгрөг өгсөн бол ачааллаа даахаа байсан төрөх эмнэлэгт ердөө л 150 сая төгрөг төсөвлөв. Дуудлагын эмч нар хүрэлцэхгүй байгаагаас болж  нэг хүүхэд эмнэлэг хүрэх замдаа таксинд нас барлаа. Энэ тухай сонинд л мэдээлэл гарсанаас өөр  хэн ч юу ч хэлсэнгүй. Төрөх дөхсөн тулгар эхчүүд очих эмнэлэггүй аргаа барж байхад зуднаас болж хээлээ хаясан малны төлөө харин Засгийн газар хуралдав.  Тэд өвчинд нэрвэгдэж эмнэлэг нь цөөдсөн хүүхдүүдийн төлөө юу ч хийсэнгүй.  Хүүхдүүд нас барж, очих эмнэлэггүй, очлоо ч хэвтэх оргүй, хэвлийдээ үрээ тээсэн эхчүүд гэртээ төрж, төрөхийн эндэгдэл нэмэгдэж байхад Засгийн газар “оюутны хотхон байгуулна” хэмээн  сансарын тоо сампинд хийхээс хэтэрсэнгүй. Монголын төрд эрдэнэт хүний амь үхсэн малын сэгнээс ч хямдхан үнэлэгдэх цаг ирсэн нь энэ ажээ.  Хэдэн мянган жилийн турш  мал маллаж зуд турханд үхүүлэхийг нь үхүүлж, өсгөхийг нь өсгөсөөр ирсэн монголчууд “Малын   сэг  устгахад Засгийн газар мөнгө гаргана” гэхээр чихэндээ итгэхгүй л байгаа.  Итгэсэн ч Оюутолгойгоо зарсаныхаа шанд 70 мянган төгрөг арайхийж өгсөн атлаа үхсэнд малд нь харин 5,5 тэрбум төгрөг зориулна гэхээр малчин удамт монгол хүний  дургүй нь хүрч л суугаа вий.  Ер нь тэгээд 40 сая малаас хоёр сая нь үхээ л биз. Юун сүртэй юм бэ. Хүнээ өөд болоход нутаглуулах аятайхан газар өгчихөж чадахгүй  оршуулгын газарт иргэдээ амьдруулах атлаа үхсэн малд мөнгө цаас төлөвлөх цамаан төрийн араншинг  үл ойлгоно. Зуданд зутарсан мал хээлээ хаяж байгаа тухай Онцгой байдлын ерөнхий газрынхан санаа зовж төрийн бодлого болгож байхад  тэр малыг маллаж ядарсан эх үр зулбаж байгаа тухай хэн хэзээ ярих юм бол.  Тиймээс, Монгол улсад хүн болж төрсөнөөс мал болж төрвөл дээр байна. Өвс идэж ус уухаас өөрийг үл хийж яс амар жаргах болно.  Ядаж үхсэн хойно ч гэсэн засгаас мөнгө гаргаад “нутаглуулах” нь байна.  Харин хүн болж төрсөн бол насаараа ажиллаж Нийгмийн даатгалын шимтгэл төлөөд ч оршуулгаа бүрэн даачих хэмжээний мөнгө төрөөс авч чадахгүй л нүд аниж байгаа шүү дээ.  Манай төрийн энэ араншинг гадны орнууд ч дэмжих болж. Хүн нас бараад, хүний эрх зөрчигдөөд байхад  дуугүй байх атлаа зуд болж мал үхэхээр л тэрбум тэрбумаар нь хандивлах боллоо.  Тэд ч бас Монгол орны мал, газар хоёрт нь л хайртай болохоос хүнд нь дургүй  аж. Гахайн ханиадаар Өмнөговь аймагт хэд хэдэн хүн нас барахад дуугүй байсан харийнхан зуд болмогц тэр аймгийн малд сая саяар нь мөнгө, боодол боодлоор нь өвс илгээж байх юм.  Тэгэхээр газрын баялагтай газар хүн болж төрсөнөөс мал болж төрвөл дээр юм байна. Улсын наадамд зургаа түрүүлсэн морь монголчуудын оюун санаанд хөтөч болсон Баабартай адил төрийн шагнал “хусч” л байх жишээтэй. Насаараа багшилж түмний хүүхдэд бичиг ном заасан багш 100-хан мянган төгрөгийн тэтгэвэр авч  зуны байшинд өвөлжиж байхад төрийн түшээгийн нохой Скай дэлгүүрээс  хоол зөөлгөн тамшаалж хэвтэхийг ч харж болно. Ингээд бодохоор л Монголд хүн болж төрсөнөөс мал болж төрвөл дээр байна.

Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачааллаж байна ...
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой