Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
“Элсний 13” буюу Ардчилсан хүчний холбоо 2010 оны 2 сарын 5

Ардчилсан нам дотор саявтар Ардчилсан хүчний холбоо хэмээх нэн шинэ фракц мэндлэв. Үүнд   З.Энхболд, С.Эрдэнэ тэргүүтэй хэсэг гишүүд нэгджээ.  Тэд үүнийгээ нийгмийн захиалга гэж  тодорхойлсон.  Сайхан л сонсогдож байгаа юм.  Харин  Ардчилсан хүчний холбооны зорилго юу вэ.Тэд Ардчилсан нам дотор оршиж буй “Алтангадас” хэмээх бүлэглэлийг зайлуулах сонирхолтой гэнэ.  Хэдийгээр “Алтангадас” гэдэг фракц байдаггүй гэх боловч тус намын хамгийн оюунлагууд  нь энэ бүлэглэлд багтдаг болохоор хүчирхэг.   Тэд бас МАХН-аас дэмжлэг авдаг тул хамтарсан,  эвссэн Засгийн газарт багтаж чаддаг.  Одоогоор Ардчилсан намын даргаар ажиллаж буй тэргүүн Шадар сайд Н.Алтанхуяг эл  фракцийн  энэ цагийн сонгодог дүр. Түүний араас  Сангийн сайд С.Баярцогт, бүлгийн дарга Ч.Сайханбилэг нар  тулдаг  болохоор  нам дотроо хүчирхэг бүл болчихоод байгаа юм.  Ямар ч үед улс төрийн наймаа хийж чаддаг тэднээс Ардчилсан намын хууччуул бишүүрхэж дөлдөг нь үнэн. Гэлээ гээд тэдний эсрэг хүчтэй тэмцэл хийж байр суурийг нь ганхуулах гэж оролдож байгаагүй.  “Алтангадас” бяртайдаа нөгөөдүүлээ нам цохичихоод байгаа  юм биш.   “Нөгөөдүүл” хэмээх хэсэгт багтаж байгаа лидерүүд нь МАХН-тай, тэдний удирдагчтай  тохирч эвсэх болохоороо “гадас”-уудаар  “хэлмэрчлүүлдэг”. Өөрөөр хэлбэл,  “Алтангадас”-ынхан нам дотроо менежерийн үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Ийм байхад тэднийг арчаад хаяна гэж юу байхав. Аль болохоор эвийг нь олоод торгоохоо бодно уу гэхээс  хандыг  нь хага дарж чаддаггүй л  байхгүй юу. Хамгийн сүүлд гэхэд л  Ерөнхийлөгчийн сонгуульд нам дотроо өрсөлдсөн Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нар аль аль нь “Алтангадас”-ын дэмжлэг авахаар оролдсон ч тэд Үүлийг муриж  Элбэгээг гаргасан билээ. МоАХ-ын нүүр царай болж тэнд хүч өгч байх ёстой хүн “Алтангадас”-ын ачийг мартаж чадахгүй   сууна гэдэг хэцүү.  Гэхдээ мань мэт биш Элбэгээ юм чинь санаа зоволтгүй жингийн туухайг тааруулж  орхино л доо.   За нэг ийм бүлэг Ардчилсан намын  чигийг  заасаар олон жил өнгөрч. Харин одоо тэднийгээ дарж , Н.Алтанхуягийг намын даргаасаа огцруулах  зорилго бүхий  Ардчилсан хүчний холбоо хэлд орж улмаар хөлд орохоор зүтгэж байна. З.Энхболд шазуур зуумтгай хувийн алдаа барагтай гаргадаггүй  чинжүү шиг хүн боловч түүний энэ зан намынхаа олонхид таалагдана гэдэг юу л бол. С.Эрдэнэ ч мөн адил. Тэр жинхэнэ “мужик” ч  харамсалтай нь улс төр өөрөө ийм чанарыг нэг их үнэлдэггүй л дээ. Магадгүй түүнийг Нийслэлийн Ардчилсан нам  даган хөдлөхийг үгүйсгэхгүй.  Бусдынх нь хувьд бол  намын гишүүдээ араасаа дагуулж манлайлна гэдэг  юу л бол.  Ийм байхад намын дарга бөгөөд Шадар сайдтай үзнэ гэдэг салхины өөдөөс нулимахаас өөрцгүй.  Гэхдээ тэд зөв тооцоолж чадсан бол МАХН-ын дэмжлэгийг авч болно.  МАХН дотор ч одоогийн энэ засагтаа дургүй  бүлэглэл  бий.   Тэдний хувьд хоёрдугаар сарын сүүлээр хуралдах  бага  хурлаараа намын даргаа чөлөөлж оронд нь хэнийг тавих вэ гэдэг ёстой л “уран бэрийн нүүдэл”  шаардах вий.  Үүнээс одоогийн Засгийн газрын хувь заяа шийдэгдэж таарна.  Харин Ардчилсан намын хувьд Н.Алтанхуягийг огцруулахын тулд намын ҮЗХ-ны  ротацийн  сонгуулийг   Ардчилсан хүчний холбоо ямар ч үнээр хамаагүй  өөрсдийнхөө эрх ашгийн төлөө эргүүлэхээр улайрах вий.  ҮЗХ-ны олонхийг элсүүлж  чадсан тохиолдолд намын даргыг огцруулах бэлтгэл ажил үндсэндээ хангагдсан гэж үзэж болно.   Тэгэхээр  М.Энхболдын Засгийн газрыг унагаж намын даргаа С.Баярт авч өгсөн “Элсний 13”-ын нүүдлийг  З.Энхболд, С.Эрдэнэ  үргэлжүүлэх хувь заяаны тохиол таарч байгаа юм.  Ингэж хоёр намын дотроос  зэрэг хүч хавсарсанаар Засгийн газрыг огцруулах хөрс шороо бүрдэнэ.   Ардчилсан хүчний холбоо “Элсний 13” –аас юугаараа ч ялгарахгүй. Намын даргаа огцруулах замаар намаа Засгийн газраас татах зорилго агуулж байгаа нь тодорхой.  Тэдэнд дараагийн намын дарга нь хэн байх нь сонин болохоос дараагийн Засгийн газарт орох эсэх нь чухал биш. Харин МАХН-д Ардчилсан намын дарга хэн байх нь сонин  биш харин энэ Засгийн газрыг унагаж дангаараа төр барих нь чухал.   Ингэж хоёр талын эрх ашиг нэгдэж байгаа тохиолдолд гарцаагүй засаг хөрвөдөг жамтай.   Монголын цагаан сараар ард иргэд шинэлэх зуур улс төрийн  хоёр том хүчний гомдогсод сэмхэн хэлэлцээр хийж одоо байгаа засаглалаас татгалзах төлөвлөгөө боловсруулах нь байна. “Мөнхийн эрх ашиг гэж байдаг болохоос мөнхийн нөхөр” гэж байдаггүй гэдэг үгийг  улс төрийн тайзан дээр дахин нэгэнтээ батлах болно. Ардчилсан нам дотор малгайгаа сольж мэндэлсэн  “Элснийхэн” МАХН-тай хэрхэн хүч хавсарч амжилтад хүрэхийг  харах хугацаа ойртож байна шүү.

Л.Мөнхбаясгалан

Үнэлэх:
   Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэлийг ачааллаж байна ...
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой